Хагас сая хүн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулжээ
2016.03.09

Хагас сая хүн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулжээ

Хуулийн нэр: Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай

Санаачлагч: Засгийн газар

Өргөн барьсан он.сар.өдөр: 2012.03.13

Батлагдсан он.сар.өдөр: 2012.09.04

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2012.11.25

Хуулийн бүтэц: 1 бүлэг 7 зүйлтэй

Энэ хуулийг 1990-2000 онд улс оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц, түүнтэй холбоотой нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар нийгмийн хамгааллын асуудал нь орхигдсон иргэдийнхээ хохирлыг нөхөн төлөх зорилготой баталсан юм.

Тус хууль 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2013 оны наймдугаар сар хүртэл хэрэгжиж үндсэн хоёр хүрээг хамарсан.

... Ингэхдээ 1990-1995 онд хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, мөн 1995-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл нь нөхөн төлөгдөөгүй буюу төлөгдөх боломжгүй байсан иргэдийн шимтгэлийг нөхөн төлүүлэхээр болсон юм ...

Шимтгэлийн хувь хэмжээг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тогтоожээ.  

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцоход хэд хэдэн нөхцөл тавьжээ. Хэрэв тухайн иргэн 1990-2000 оны хооронд ажиллаж байсан байгууллага нь татан буугдсаны улмаас ажилгүй болсон, цомхтголд орсон, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил эрхлэх боломжгүй болсон, албан тушаалдаа тэнцэхгүй учраас ажлаасаа халагдсан бол ажилласан жил, шимтгэлийг нь нөхөн тооцсон байна.

Судалгаагаар 1990-1995 онд 270 орчим мянган хүн ажилгүй болсон гэсэн тооцоо байдаг. Харин 1995 онд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсон ч иргэд хуулиа ойлгоогүй явсаар таван жил болсон. Төрийн зүгээс ч хууль таниулах ажлууд хийгээгүй гэж болно. Үүнээс болж 700 гаруй мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй тасарсан байна. Тэгэхээр уг хууль нь бараг сая хүний нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулсан хууль болсон юм.  

Хуулийн хэрэгжилт

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох ажлыг НДЕГ-аас зохион байгуулахаар хуульд заасны дагуу тус газраас “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам” баталсан. Тус журамд даатгалын шимтгэлийн хувь  хэмжээг дараах байдлаар тогтоожээ.

Журамд заасан шимтгэлийн хувь хэмжээгээр нэг иргэнээс 80 орчим мянган төгрөгийг нөхөн төлжээ.

... Хуулийн хэрэгжих хугацааг 2013 оны наймдугаар сарын нэгэн гэж заасан ч бүртгэл хангалтгүй байсан учраас хоёр сараар сунгасан. Ингээд нийтдээ 483 мянган хүнийг хамруулжээ ...

Гэхдээ Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос олгож эхэлсэн. Харин тэтгэвэр тогтоолгоогүй байгаа иргэдийн хувьд нөхөн тооцуулах хугацааг тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч хүсэлтээ гаргасан үед нь нэмж тооцохоор болжээ.

Уг хууль хэрэгжсэнээр хагас сая шахам хүн 5-10 жил ажилласан хугацаагаа тооцуулж чадсан юм. Ингэхээр ха­ламжийн тэтгэлэг авч бай­гаа иргэн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах боломжтой болно. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэн бүрэн тэтгэврийн хэмжээ­гээ тогтоолгох боломжтой болно. Бүрэн тэтгэвэр авч байгаа иргэн цаашид тэтгэврийн­хээ хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.