С.Эрдэнэ: Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдлээ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд 1990 оноос хойш 10 жилийн хугацаанд ажилгүй байсан хүмүүст зориулж “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль” санаачилсан. Хууль ч удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. Ингэснээр дээрх хуулийн төсөл нэг сая гаруй иргэнд хамраалтай болж байгаа хэрэг. Тодруулбал 1990-1995 оны хооронд 280 гаруй мянган хүн ажилгүй болж нийгмийн даатгалын дэвтэр нь бөглөгдөөгүй үлджээ. Харин 1995-2000 оны хооронд 780 гаруй мянган иргэн ажилгүй болж байсан гэдэг судалгаа бий. Энэ асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.
-Таны санаачилсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль” хэзээнээс эхэлж мөрдөгдөх вэ?
-Ажиллсан жил буюу тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай энэ хууль батлагдан гарснаар иргэдийн ажилласан буюу шимтгэл төлсөн жил дээр 10 жил нэмэгдэх боломж бүрдэж байгаа. Яг энэ хуулийн хугацаанд буюу 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан иргэд, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдэд энэ хууль үйлчилнэ. Тэгэхээр дээрх хууль удахгүй мөрдөгдөнө. Хуультай холбоотойгоор дагалдах журам батлагдаж гарах ёстой. Энэ журмыг тухайн яамны сайдын тушаалаар гаргах ёстой байдаг. Тиймээс одоохондоо журмын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж байна. Үүний дараа аймаг, дүүргийн нийгмийн бодлогын хэлтэст удирдамж очно. Ингэсний дараа л хууль хүчин төгөлдөр үйлчилнэ.
-Хуульд хамрагдахыг хүсч байгаа иргэд хаана, хэнд хандах юм бэ?
-Ер нь бол энд хамрагдах иргэд өөрсдөө өргөдөл бичих учиртай. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд яагаад ажил хийх боломжгүй байснаа тодорхой бичнэ. Мөн шимтгэл төлөөгүй бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож өөрийнхөө төлөх 10 хувийг төлөөд хуулийн зохицуулалтад шимтгэл төлсөн таван жилийг маань тооцож өгөөч гэдэг хүсэлтээ гаргана. Үүнийг тухайн аймаг дүүргийн хэлтэс газрууд авч, мэргэжилтнүүд нь судалж үзээд хуульд хамрагдах үндэслэлтэй гэж үзвэл шууд хамруулаад ажилласан жил болон шимтгэл төлсөн жилийг нь нөхөн тооцоод явна.
-Хууль батлагдсанаар төсөвт ямар нэг өөрчлөлт орохгүй гэсэн үү ?
-Төсөвт бол ямар ч ачаалал ирэхгүй. Яваандаа 2015-2020 он гэхэд иргэд нэрийн данснаасаа тэтгэвэр авах хууль хэрэгжиж эхэлнэ. Тэр үед тэтгэврийн даатгалын санд тодорхой ачаалал ирнэ. Гэхдээ бидний төсөөлж байгаагаар бол ойрын 10 жилд Монгол улсын эдийн засаг өсөх, иргэдэд очих бодит орлого нэмэгдэх төлөв харагдаж байгаа. Тийм учраас энэ тал дээр их өөдрөг бодлогоор хандаж байгаа. Нэг үгээр хэлбэл эдийн засагчдын үзэж байгаагаар ойрын 10 жилд нэг хүнд ногдох дотоодын бодит бүтээгдэхүүний орлого 30 мянга орчим долларт хүрнэ гэсэн төсөөлөл байгаа. Энэ бүгдээс харвал тэтгэврийн даатгалын сангийн хуримтлал боломжийн түвшинд хүрэх юм. Үүнээс гадна төрөөс явуулах бодлогын хүрээнд одоо тэтгэврийн даатгалын сангийн мөнгөн хуримтлалыг байх ёстой хэмжээнд нь төр бий болгох шаардлагатай байна. Яагаад гэвэл хууль үйлчлэх хугацаа ойртож байгаа. Ингэвэл энэ ачааллыг даах бололцоо тэтгэврийн даатгалын санд бүрдэнэ.
-Хууль яг хэзээнээс эхлэн хэрэгжих вэ?
-Одоо ингээд хууль ердийн журмаар төрийн мэдээлэл дээр хэвлэгдэж гарна. Ингээд л хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Тэр үед бид холбогдох журам дүрмээ бэлэн болгочихсон байх хэрэгтэй.
-Дээрх хуулийг хэлэцэж байх үеэр УИХ-ын гишүүн Г.Уянгаагаас санал гарч байсан. Эрсдлийн 10 жил 1990-2000 оноор дуусахгүй. 2000 оноос хойш ч гэсэн ажилгүй болсон хүн олон. Энэ хүмүүсийг хамруулж болохгүй юу гэж байсан удаатай. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ? Дахиад ийм төрлийн хууль санаачлахын тулд судалгаа хийгдэж эхэлсэн үү?
-Г.Уянга гишүүний гаргасан саналыг дэмжиж байгаа. 2000-2012 оны хоорондох нөхцөл байдлыг яаж төрийн бодлого, эрх зүйн орчноор зохицуулах вэ гэдэг талаар хамтарч ажлын хэсэг гаргая гэдэг дээр санал нэгдсэн байгаа.