Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ
2019.10.03

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.10.03/ хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж нар асуулт асуусан. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг Ерөнхийлөгч дэмжиж байгаа эсэх, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцэн батлах боломжтой буй эсэх асуудалд ямар байр суурьтай байгааг тодруулсан. 

Ц.Мөнх-Оргил: Ард нийтийн санал асуулга дээр Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа вэ?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгыг 30 тэрбум төгрөгөөр явуулахын эсрэг байгаа хэмээлээ. Тэрбээр, Ард нийтийн санал асуулга явуулахаар шийдсэн ч ирц бүрдэхгүй бол яах вэ. Ингэвэл хөрөнгө салхинд хийсэх болно гэлээ. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцэн батлаад явах боломж бий гээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг агуулгын хувьд Ерөнхийлөгчийн зүгээс эсэргүүцэн хэлэх зүйл байхгүй гэдгийг тодотгосон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар санал байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

Х.Нямбаатар: Хоригийг хүлээн авахгүй бол ард нийтийн санал асуулгыг авах ажил өрнөх болно.