УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.04/ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
"Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу гэвэл байсан. Хуулийг 20 гаруй жил хэрэгжээд ирсэн. Энэ хуульд төгс төгөлдөр юм байхгүй. Тиймээс нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гардаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын тухай ярьж байгаа гишүүдийг хараад намын өөрийн эрх ашгийн үүднээс яриад байх юм. Үндсэн хууль гэдэг бол Монгол Улсын нийт ард иргэдийн эрх ашгийн асуудал болохоос эрх баригч МАН-ын асуудал биш юм. 2016 онд сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулсан амлалтаа хэрэгжүүлэх гэж энэ хуулийг өөрчлөх гээд байгаа мэт ярьж байна. түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд юу ч хийсэн яадаг юм гэсэн утгатай юм яриад байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй.
Х.Нямбаатар гишүүн сөрөг хүчин өөрийнхөө намын хэдэн нөхөдтэй хуйвалдаад зохион байгуулалттайгаар үндсэн хууль унагаалаа гэсэн юм яриад байхын. Та нар өөрсдөө л унагаасан. Анхнаасаа л хэлэлцүүлэг эхлэхэд АН-аас шаардлага тавьсан. Хууль бусаар хэлэлцүүлэг эхэллээ. хуулийн хэлэлцүүлгийг хууль зөрчиж эхэллээ. Ард түмнээсээ асуу, ниргэсэн хойно нь хашгирав гэж анхааруулга удаа дараа өгсөн. Харамсалтай нь олонхи гэж хүч түрээд явсан. Өнөөдөр сөрөг хүчин хамаг юмыг гацаасан мэт яриад байна. Та нар сөрөг хүчинтэй байсан үгүй ч өөрсдөө батлаад явах хангалттай боломж бий.
Боломжтой, хүчтэй нам байж ямар нэг юм болохоор муу муухайгаа сөрөг хүчинрүү чихээ боль оо. Үндсэн хуулийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд зөвлөлдөх санал асуулга гээд хуульд ч байхгүй зүйл хаа сайгүй зохион байгуулаад л байсан. Өнөөдөр болохоор хоёрдахь хэлэлцүүлэг гэхэд төсөл чинь ямар юм болчихоод байгааг та нар мэдэж байгаа. Жинхэнэ холион бантан болсон. Анхны 62 гишүүний төсөл одоо мөн чанараа алдаад юу ч биш болчихоод байна. Ийм юмаа өнөөдөр УИХ-аар батлах боломжгүй байдал үүсэхээр ард нийтийн санал асуулгаар батлуулах заль хэрэглэж байна ш дээ. Ард нийтийн санал асуулгаар баталсан гэж хариуцлагаас зугтаах гэсэн арга. Ийм улс төрийн явуургүй заль хэрэглэхээ боль.
Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, боломжийг ашиглан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн алдаа завхарлыг засах хэрэгтэй байх гэсэн саналтай байна."