2022.06.22

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэд байр сууриа илэрхийлж байна

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Норовлин, Баян-Овоо, Батноров, Бэрх сумдын  иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар санал сэтгэгдлийг сонслоо.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудалд нэгдүгээрт, хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх талаар дэвшүүлсэн. Ингэхдээ хүний эрхэм чанар халдашгүй байна. Төр нь хүний эрхэм чанарыг хүндэтгэн хамгаалах үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ. Хүний амьд явах эрхийн баталгааг хангаж, цаазын ялыг халах асуудлыг мөн тусгаж байна. Өөрөөр хэлбэл манай улс цаазын ялыг халах олон улсын гэрээнд 2012 онд нэгдэн орсон. Одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хуульд цаазаар авах ялыг хассан. Харин Үндсэн хуулиндаа оруулбал хүний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг хуулиар баталгаажуулж, бүрэн хамгаална гэж үзэж байна.

Мөн иргэний эвлэлдэн нэгдэх эрхэд Үндсэн хуулиар тавьсан хязгаарлалтыг арилгах, иргэн үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, хамгаалуулах боломжтой болох, Үндсэн хуулийн цэц нь аливаа улс төрийн нөлөөллөөс хараат бус байх, Үндсэн хуулийн шүүхийн хувьд  ажиллах зарчмыг гүнзгийрүүлэн бэхжүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлж байлаа.

Ингэснээр Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөд 20000 гаруй иргэний гарын үсэг цуглуулж нам байгуулах хэт өндөр босгыг өөрчилж, эвлэлдэн нэгдэхийг хязгаарласан байдлыг арилгаж, Олон ургалч үзэл болон иргэд эв санаагаар нэгдэх боломжийг дэмжих агуулгыг тусгана гэсэн үг. Нөгөөтээгүүр иргэн өөрийн зөрчигдсөн эрхийн талаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, сэргээлгэдэг хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьж байна.

 Уулзалтад оролцсон Батноров, Бэрхийн иргэд, төрийн албан хаагчдын дийлэнх нь хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол улсын төрийн сүлдийг шинэчлэх асуудлыг дэмжлээ.

Мөн хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, Ард түмнийг төлөөлөх парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, Хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах асуудлыг үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийхдээ ард иргэдийн оролцоог бүрэн хамруулахыг анхаарч, танилцуулгыг шат дараатай хийх хэрэгтэйг онцоллоо.