2022.06.27

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдээс санал, хүсэлт авлаа

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар Хэрлэн сумын иргэд, төрийн албан хаагчдын саналыг сонслоо.

Уулзалтаар:

Нэг. Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх

Хоёр. Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх

Гурав. Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах

Дөрөв. Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх зэрэг 4 асуудлаар санал, бодол солилцлоо. 

Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах талаар Нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгох, төвлөрлийг сааруулж хот, хөдөөгийн ялгааг багасгах, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болгох зорилгоор бусад хотын хөгжлийг дэмжих, Орон нутгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг дэвшүүлж байлаа.

Монгол улсын Үндсэн хуулийн 13.1-т Монгол улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот мөн гэж тусгасан. Энэ ч утгаараа Монгол улсын хүн амын 48 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Төвлөрлөөс үүдэлтэй агаар орчны бохирдол, замын түгжрэлийн асуудал үүсэж, хот, хөдөөгийн хөгжил, амьдралын чанарын ялгаа эрс ихэссэн.

Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгох, төвлөрлийг сааруулж хот, хөдөөгийн ялгааг багасгах, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болгох зорилгоор бусад хотын хөгжлийг дэмжих асуудлыг санал асуулгын хүрээнд дэвшүүлжээ. Ингэснээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлогыг тодорхой болгох, УИХ-аас бусад төрийн байгууллага орон нутагт шилжих боломж бүрдэж, Улсын болон бүсийн чанартай хотууд хөгжиж “Бүсчилсэн хөгжлийн бодлого” бодитой хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Харин орон нутгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд Аймаг, нийслэлийн засаг даргыг томилох, Сумын засаг даргыг иргэд сонгох, Баг, хорооны засаг даргыг томилох асуудлыг төсөлд дэвшүүлж байлаа.