2019.10.04

Д.Оюунхорол: Улс төрийн соёл гаргаж, зөвшилцөл хийж чадаагүйнхээ горыг амсаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.04/ үдээс хойших хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

"Нэг зүйлд маш их харамсаж байна. ҮХ бол нийгмийн гэрээ. Тиймээс ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтөд маш хүндэтгэлтэйгээр хандаж, бүтэн жил ярьсан. Д.Лүндээжанцан даргаар ахлуулсан ажлын хэсэг хариуцлагатай ажилласан. Өнөөдрийн энэ эгзэгтэй үед улс төрийн соёл гаргаж, зөвшилцөл хийж чадаагүйгийнхээ горыг амсаж байна. Үүнд манай, хүний нам гэлтгүй, бүх УИХ-ын гишүүд дүгнэлт хийх цаг болсон. Хориг хүлээж авах бол муу, авахгүй гэвэл сайн хүн болох гэж байгаа мэтээр ярьж байгаа залуучуудыг хараад харамсаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр хэн хэрхэн хандаж, өөрчлөлтийг жинхэнэ утгаар нь хэрхэн шинэчлэн гаргах вэ? гэж бодож, арга зам хайж байгаа гишүүн нь хэд байгаа бол? Би ингэж асуумаар санагдаад сууж байна. Эргэлзэж байна. 

Өнөөдөр АН, Ерөнхийлөгчтэй зөвшилцөлд хүрэхгүйгээр нийгмийн гэрээндээ хэрхэн өөрчлөлт оруулах гэж байгаа юм? Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэдгийг бүгд мэдэж байгаа. Би өнөөдөр тавьсан энэ хоригийг хэсэгчлэн авах боломжтой гэж харж байна.