УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.04/ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Зөвшилцлийг цааш явуулахын тулд өнөөдөр хоригийг авч дэмжих ёстой гэсэн байр суурийг бид илэрхийлсэн. Үүний цаана ганц л зорилго байгаа. Энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зөв гараасай гэсэн ганцхан хүсэл. Шинэ нам анхнаасаа энэ асуудал дээр маш эсрэг байр суурьтай байсан бид хэзээ Үндсэн хуулийг дэмжиж эхэлсэн бэ гэхээр баялгийн заалт орж ирсэн цагаас.
Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монголын ард түмэн баялгийнхааэзэн болж чадахгүй бол хэлбэр төдий өөрчлөлт гаргаад хэрэггүй гэсэн санаа байсан. Одоо бол хоригийг авах авахгүй гэдэг талцал хэрэггүй. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт ард иргэдэд баялгийн эзэн болгох тал дээр зөвшилцөх хэрэгтэй.