“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
2021.06.24

“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. 

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа. 

Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналтай зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, шаардлагатай саналыг тусгасан.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 10.0 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 870.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 111.7 тэрбум төгрөг, гадаад зээл тусламжаар 2.2 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1.2 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 5.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн болно.

“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төсөл нь нийт 6 бүлэг, 23 зорилттой ба 263 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Тогтоолын төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг зөвхөн Засгийн газар санаачилна” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт болон дараа жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 5 дугаар сарын 25-нд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж тус тус заасан.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөлөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн төсөлтэй уялдуулан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.1 дэх заалтад заасан Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулна.

Тогтоолын төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Тогтоолын төсөл нь 3 заалт, 1 хавсралттай байх бөгөөд тогтоолын төслийн хавсралтаар батлах “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон бодлогын бусад баримт бичигтэй нягт уялдуулан хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгах тухай, хэрэгжилтийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс жигд ханган зохион байгуулж, түүний биелэлтийн явцыг бүтэн жилээр гаргаж, Монгол Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газарт даалгах тухай заана. 

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө нь цар тахлын үеийн эдийн засаг, эрүүл мэндийн бодлого, хүн, нийгмийн хөгжлийн бодлого, иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого, ногоон хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах бодлого гэсэн нийт 5 бүлэгтэй байх бөгөөд эдгээрийн хүрээнд 2022 онд хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээ, суурь болон зорилтот түвшин, шаардагдах санхүүжилтийн хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр, хариуцах байгууллагыг тусгаснаас гадна төлөвлөгөөний зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй хэрхэн уялдаж байгааг харуулах болно.

Тогтоолын төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

Монгол Улсын Засгийн газар эдийн засагт бий болсон хүндрэл бэрхшээлийг даван туулах эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлснээр макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэн, эдийн засгийн өсөлтийг хангана. 

Нийгмийн хөгжлийг хангах зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг хадгалах, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ. Түүнчлэн батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлж, энхийг эрхэмлэсэн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаарх санал

Тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцэх бөгөөд тогтоолын төсөлтэй холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах хууль тогтоомж байхгүй болно.