2020 онд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар баталлаа
2019.12.20

2020 онд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар баталлаа

Өнөөдрийн /2019.12.20/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-т “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж тус тус заасны дагуу хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Байнгын хорооны санал, дүгнэттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Мөн гишүүдийн олонх нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ