С.Чинзориг: Эм, эмнэлгийн хэрэгслийг хянах агентлаг байгуулах уу?
2020.08.21

С.Чинзориг: Эм, эмнэлгийн хэрэгслийг хянах агентлаг байгуулах уу?

Өнөөдөр /2020.08.21/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар 2020 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг хариуцсан агентлаг байгуулах асуудлаар тодруулсан юм.

С.Чинзориг: Өмнө нь Даатгалын тухай хуулиар зохицуулагдаж, санхүүжилтээ авдаг байсан үйлчилгээнүүд нь хасагдаж, иргэдээс авдаг төлбөр авж үйлчилдэг бүтээгдэхүүний төрөлд нэмэгдэж орж байгаа зүйл бий юу?

Иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, вакцинжуулах зэрэг үйлчилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр орж ирж байна. Энэ даатгалын сангаас санхүүжүүлэх зардлын хэмжээ нэмэгдэж байхад төрөөс санхүүжүүлдэг мөнгөн дүн хэвээр үлдэх асуудал бий юу? 

УИХ-ын Засгийн газрын баталсан тогтоолд өөрчлөлт оруулахаар болж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг хариуцсан агентлагтай болохоор заасан байна. Цар тахлын үеэр төсөв, санхүү танагдмал байхад шинэ агентлаг байгуулах шаардлага байгаа юу? Хэчнээн хүнтэй, ямар төсөвтэй байхаар тооцож байна вэ? Одоо байгаа бүтэц дээрээ түшиглээд төсөв нэмэхгүйгээр агентлаг байгуулах уу эсвэл төсөв гаргаж шинээр үүсгэх гэж байгаа юу? Одоогийн МХЕГ-ын тогтолцоог нь өөрчилнө гэсэн үг үү? 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 24.6.9 дээр орсон заалт бол өрх анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд ямар нэгэн иргэнээс авах төлбөрийн хэмжээ нэмэгдэхгүй. Даатгалгүй иргэдээс төр даадаг яаралтай тусламж үйлчилгээнээс бусад төрлийн үйлчилгээнд төлбөр авна гэдэг зүйлийг тодотгож өгсөн.

Халдварт өвчний үед вакциныг Эрүүл мэндийн даатгалын сангаас даах асуудлыг Сангийн яамнаас нэмэлтээр оруулсан. Одоо санхүүжилтээ дийлэхгүй байгаа энэ үед Эрүүл мэндийн даатгалын сан руу нэмж оруулах нь зөв эсэх нь эргэлзээтэй байна. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг нь орон тооны хувьд нэмэгдэнэ. Гэхдээ агентлагийг байгуулснаар эм, эмнэлгийн хэрэгсэлд гарах төсөв мөнгөнөөс хэмнэх зардал нь агентлаг дээр нэмэгдэж байгаа хүний орон тооноос хэд дахин илүү хэмнэх боломжтой.

Манай улс цөөн хүн амтай боловч эм, эмнэлгийн хэрэгслийн бизнес их тоогоор яригддаг.

Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл дээр хяналт тавихгүй бол Эрүүл мэндийн яаманд 4-5 хүнтэй хэлтэс л байгаа. Энэ нь улсын хэмжээнд орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн хөөрөгдөл дээр хяналт тавьж дийлэхгүй. Энэ агентлагийг байгуулснаар төсөвт дарамт болохгүйгээр эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах үйл ажиллагаан дээр хэмнэлт гаргах боломж бүрдэнэ.

Ч.Хүрэлбаатар: Даатгалгүй иргэн анхан шатны яаралтай тусламж авах эрхийг нь нээж байна. Манайд даатгалгүй олон иргэд байна. Харин тэд эрүүл мэндийн үйлчилгээгээ мөнгөө төлөөд авах эрхийг нь нээж өгч байна. 

Агентлагийг нээх нь зөв гэж үзэж байна. Эм, эмнэлгийг тойрсон асуудлууд их эмзэг сэдэв байдаг.  Судалгаагаар хилээр орж ирсэн үнэ дээр 68 хувь нэмэгдэж эм зардаг.  

Манай улсад ДЭМБ-ын жишиг үнэтэй харьцуулахад эм нь 5-6 дахин өндөр байна. Тиймээс эмийн үнийг дураараа тогтоодог асуудлыг цэгцлэхгүй бол үндсэндээ зэрлэг капитализм болоод явж байна.

ДЭМБ-ын хийсэн судалгаагаар орж ирж байгаа 3 эмний 1 нь хуурамч. Тиймээс энэ чиглэлээр ажиллах агентлагийг нь байгуулаад явахгүй бол олон хүний эрүүл мэнд, мөнгө хохирно.