ТБХ: Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцлээ
2019.11.07

ТБХ: Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.07/хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Төсөлд, ирэх онд эдийн засгийг тогтвортой өсгөх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг Засгийн газар үргэлжлүүлнэ. Түүнчлэн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэх, татварын тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлого хэрэгжүүлэх юм.

Нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх бөгөөд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь Засгийн газар хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг" хэмээв. Засгийн газраас Монгол Улсын 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн  Н.Амарзаяа, төсөвт тусгаснаар, Гааль, боомтын шинэчлэлийн хүрээнд ямар ажил төлөвлөснийг лавлав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомтуудыг шилэн кабелиар холбох, хяналтын камержуулах, рентгэн аппараттай болгох, ашигт малтмалыг өрөмдөж сорьц тодорхойлдог төхөөрөмж суурилуулахаар төлөвлөсөн. Ингэснээр, боомтын чанарыг сайжруулах замаар татварын орлогоо сайжруулахын сацуу хууль бус үйлдэл гарахаас сэргийлэх чадавх нэмэгдэнэ гэдгийг тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн, Төслийн ажлын багийн гишүүн Б.Баттөмөр, Монгол Улсын өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг Сангийн сайдаас тодруулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Өрийн асуудлыг шийдвэрлэхээр Сангийн яам эрчимтэй ажилаж, өрийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг саяхан УИХ-аар баталсан гэдгийг тэмдэглэв.

Тэрбээр, “Засгийн газрын өрийг барагдуулахаар холбогдох гэрээ хэлэлцээр хийгдэж байна. Эдийн засагт хүндрэлгүй, төсөв, ханшинд нөлөөлөхгүй байхаар шийдэх боломжтой. Үүнийг Сангийн яам бүрэн шийдвэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа” хэмээв. Мөн төсвийн төслийг боловсруулахдаа, “Цахим, үр ашигтай, ил тод” зарчимд тулгуурласныг онцлов.

Тодруулбал, үр ашиггүй зардалгүй цахим төрийн үйлчилгээг бүрдүүлж, татварын мөнгөөр үр дүнтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр боловсруулжээ. Түүнчлэн, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зүйлд зарцуулж байгаа эсэхийг олон нийтэд ил тод тавьж ажиллах зарчимд тулгуурлаж төслийг боловсруулсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэмдэглэлээ.  

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хороодоос гарсан гишүүдийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэв. Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.