2019.12.27

Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэхгүй

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэгдүүлэх амлалтыг өгч, улмаар 5 хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан.

Энэ хүрээнд 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь нэмэгдүүлсэн бол 2020 онд 2 хувь нэмэгдүүлнэ. Тэгэхээр ирэх онд НДШ төлөгч ажилтан цалингийнхаа 12.5 хувь, ажил олгогч 13.5 хувь буюу 26 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд суутгуулах юм.

Ийнхүү НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн II хавсралтад заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, улсын төсөвт 174.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх заалтад хэсэгчлэн хориг тавьсан.

УИХ-ын чуулганы энэ сарын 12-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн заалтад тавьсан хоригийг нь хүлээн авлаа.

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэхгүй байхыг гишүүдийн 51.2 хувь дэмжсэн байна. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан учир төсвийн орлогоос дутах 174,2 тэрбум төгрөгийг хаанаас бүрдүүлэхээ дахин хэлэлцэх шаардлагатай болж байна.

Харин 2020 онд хөрөнгө оруулалттай холбоотой:
  • Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн,
  • Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн,
  • Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус тавьсан хоригуудыг Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган хүлээж авсангүй.

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш есөн удаа хориг тавьсан байдаг. Харин 10 дахь хориг нь 2020 оны төсөв, ялангуяа НДШ-ийн нэмэгдэлтэй холбоотой заалтад тавьсан хориг байлаа.

Vip76.mn

Сэтгүүлч О.Мөнх