2020.08.25

Б.Баярсайхан: Монгол хүүхдийн онцлогт тохирсон сайн зан чанар, ёс суртахуунтай иргэн бэлдэх чиглэлийг оруулах шаардлагатай

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан эхэллээ. ХуралдаанаарМонгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/. анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Боловсролын шинэчлэл реформ гэж маш их ярьж байгаа. Боловсролын шинэчлэлийг хийхийн тулд бид хүрээлэнгээ өөд нь татах шаардлагатай. Боловсролын хүрээлэнг боловсролын бодлогын хүрээлэн болгоод энэ хүрээлэн нь боловсролын агуулга хөтөлбөрийг боловсруулдаг, арав арван жилээр тогтвортой бариад явдаг. Томилогдоод ирсэн сайд нар энэ бодлогоо улам сайн хэрэгжүүлээд явдаг ийм чиг үүрэгтэй ажиллахгүй бол салбарын сайдаар ирсэн хүн бүр боловсролын агуулга хөтөлбөрийг сайжруулж байх бололцоо байхгүй гэдгийг өнгөрсөн 30 жил харууллаа. 

Боловсролын хүрээлэнг боловсролын судалгааны хүрээлэн болгоно гэж оруулсан байсан. Үүнийг судалгааны гэдгээсээ илүү бодлогын хүрээлэн гэж оруулах санал оруулж байна. Мөн боловсролын хүрээлэнд ажиллах экспертүүд салбарын чадалтай хүмүүсээ төсвөөс арай өндөр цалинжуулаад явах боломжтой. Энэ дээр яам ямар бодлого барьж байна вэ? 

Энэхүү чиглэл үйл ажиллагааны хөтөлбөртөө Монголын түүх, ёс заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал гэдэг дээр Монгол хүүхдийн онцлогт тохирсон сайн зан чанартай ес суртахуунтай иргэн бэлдэх гэсэн үгийг оруулж өгөөч.  Хүнээр хүн хийж байсан ардын ухааныг сэргээе.

Түүний асуултад БСШУСЯ-ны дэд сайд Н.Ганбаяр хариуллаа.